Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Соёлын төв Жаргалтхаан сумын Соёлын төв 1941 оны 4-р сард “Улаан булан” нэртэй байгуулагдсан. Анхны эрхлэгчээр нь Гонсын Лувсандорж, Гомбын Дагвасүрэн нар ажиллаж байжээ. Анхны буурь нь одоогийн суурьнаас баруун зүгт эсгий гэрт байсан. Улаан булангийн эрхлэгчээр Г.Дагвасүрэн 1944-1950 он хүртэл ажилласан. 1972 онд одоогийн клубын барилга ашиглалтанд орсон. Кино салбар 1941-1950 оны хооронд нүүдлийн кино нэртэйгээр эхлэл сууриа тавьж үзэгчдэд гол төлөв Оросын орчуулгагүй киногоор үйлчилдэг байсан. 1954 оноос кино цэг болон өргөжиж анхны кино механикчаар Жагдаг ажиллаж түүнээс хойш тус кино салбарт Дашзэвэг, Дугар, Гомбожав, Х.Ишмаа, Батчулуун, Пүрэвсүрэн, Цэрэндорж, Чимиддорж, Баяраа нарын ахмад кино механикчид ажиллаж байжээ. Киног хөдөөгийн малчдад хүргэхийн тулд сүүний тасаг, хадлан тарианы салаанууд, суурь бригад, малчдын хооронд тэмээ, морин тэргээр явж үйлчилдэг байсан. 1970 оноос орос кино монгол хэл дээр орчуулан гарч байснаас гадна монгол кинонууд ирж үзэгч олны сонирхлыг татах болсон. 1960-аад оны сүүлчээс эхлэн кино механикчаар Гомбо, Ганхуяг, Д.Хэнмэдэх, Рагчаа, Батмөнх, Д.Ганбаатар нар ажиллаж байжээ. Жаргалтхаан сумын орон нутаг судлах танхим нь анх 1971 онд “Орон нутаг судлах кабинет” нэртэйгээр байгуулагдсан. Тэр үед кабинетад сум орны байгуулагдсан түүхэн замналын товчоон, сум орон нутгаас төрөн гарсан алдартанууд, хөдөлмөрийн сайчуудын түүх намтар ажлын амжилтууд , сум орны хэмжээнд байгаа ашигт малтмал түүний дээжис, түүх соёлын зарим газруудын зураг нутгийн зураачид болох ардын зураач Ц.Дамдинсүрэн гуайн уран зургууд болох “Азарганы ноцоон”, “Буурын зодоон”, “Жаргалын найман морь”, “Бухын мөргөлдөөн” зэрэг зургуудаар чимэглэсэн байсан болно. 1973 онд Жаргалтхаан сум үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойгоор тусад нь байртай болгон “Орон нутаг судлах танхим” болгон өргөжүүлэн сум орон нутагаа сурталчилсан самбар үзүүлэнгүүдээр баяжуулсан болно. Сумын номын сан нь 1965 онд 200-аад номтой байгуулагдан, эрхлэгчээр Сопрингийн Сайнгэрэл ажиллаж байжээ. 1974 онд сумын клуб байгуулагдсанаар номын сан тэнд байрлаж, 10 гаруй мянган номтой болсон. 1977-2007 он хүртэл Ц.Пүрэвдулам, 2008 оноос одоог хүртэл Н.Энхтунгалаг ажиллаж байна. 2013 оны 07 сард Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар эрэлхэг хилчин С.Балжирын нэрэмжит болгосон. Тус сумын тайзнаас Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Монгол Улсын УГЗ, Чингис хаан одонт, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав, Монгол Улсын УГЗ алдарт зураач Д.Дамдинсүрэн, Олон улсын энх тайвны шог зургийн уралдааны хошой алтан медальт шог зураач МУСТАжилтан Д.Пушкин, Ард түмний гавъяат морин хуурч, лимбэчин Л. Цэвэгмид, Цэргийн хөгжмийн анхны доктор Ш.Цогтгэрэл, Бүх ард түмний язгуур урлагийн алт, мөнгө, хүрэл медальт , Улсын тэргүүний уран сайханч, нэрт уртын дуучин Гонсын Долгорсүрэн, МУСТАжилтан Х.Даваасамбуу, морин хуурч, уртын дууч Гонсын Шаравдорж, Гонсын Дагва, МУСТАжилтан найраг баян хуурч А.Сайнзаяа, МУСТАжилтан С.Сайнгэрэл гэх мэтчилэн олон арван алдартангууд төрөн гарсан. Одоо 2022 оны байдлаар Соёлын төвийн даргаар С.Оюунцэцэг, номын санч Н.Энхтунгалаг, хөгжмийн багш Л.Өсөхгэрэл, бүжгийн багш Н.Соёлмаа, үйлчлэгч Ш.Энх-Өлзий нар ажиллаж байна.
2022-10-25 13:56:52