ХААН УУЛ ДОЛООН БУРХАН ОДНЫ ТАХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Билгийн тооллын зуны эхэн сарын шинийн арван найман буюу аргын тооллын 2025 оны 06 сарын 14-ний өдөр Жаргалтхаан уулаа тахих тахилгын зан үйл боллоо.Тахилгад нутгийн лам нар оролцож, буян номын зан үйл хийж, нутгийн иргэд идээ, цагааныхаа дээжийг уул усандаа өргөж, залбирлаа.Долоон бурхан оддын тахилгад нутгийн лам нар болон Гүндүгаравлин хийдийн лам нар оролцлоо.Мөн тус сумын уугуул, лам Г.Түмэнжаргалын санаачилгаар тус суманд бүтээн залж буй бурхан багшийн сэрэг дүр, гэр дуганы нээлтийн арга хэмжээ болж, БУРХАН БАГШИЙН РЭНСЭЛ ЭРДЭНЭ-ийг гэр дуганд залж, сүсэгтэн олон мөргөж , сүсэглэлээ.Нээлтэнд Зүүн хүрээ Дашчойлин хийдийн хамба лам, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ч.Дамбажав, Хэнтий аймгийн Гүндүгаравлин хийдийн хамба лам Д.Дамбажамц тэргүүтэй лам хуваргууд оролцон ном айлдаж, Зүүн хүрээ хийдийн лам хуваргууд Хүрээ цам харайх ёслол үйлдэж, Монгол Улсын гавъяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Ариунбаатар, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Баасанжав, Д.Наранхүү болон Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид, бүжгийн дугуйлангийн хүүхдүүд оролцож, ая эгшгийн дээжээсээ өргөн барилаа.Хаан уулын тахилгад зориулсан их нас, дааганы уралдаан , улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан зохион байгуулагдлаа.Хаан уулын тахилгын зан үйлийг ивээн тэтгэж, хандив өргөж оролцсон Баян-Эрдэнэ багийн иргэд, хамтран зохион байгуулсан байгууллага хамт олон, иргэдэд нутгийнхаа нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөл дэвшүүлье. 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2025-06-18 13:05:56