Жаргалтхаан сумын хүүхдийн цэцэрлэг

ЖАРГАЛТХААН  ЦЭЦЭРЛЭГ

“Жаргалтхаан цэцэрлэг”-ийн үүсэл 1964 онд сумын захиргааны байгууллагын санаачилгаар “Хөгжил” нэгдлийг түшиглэн байгуулснаас эхтэй. Анх цэцэрлэг, ясли (хүүхэд асрах газар) нийлсэн, холимог (насны ангилалгүй) бүлгийн 15 хүүхэд, 2 хүмүүжүүлэгч багш, 1 туслах ажилтан, нийт 3 орон тоотойгоор, 2 эсгий гэрт үйл ажиллагаа эхлүүлж байжээ. Анхны эрхлэгч, хүмүүжүүлэгч багшаар Ч.Лавсүрэн, үйлчлэгч, туслах ажилтнаар Н.Чимэд, Ц.Мягмаржав нар ажиллаж сумын сургуулийн өмнөх боловсролын үндэс суурийг тавьсан юм. 
Үүсгэн байгуулагдсанаас 6 жилийн дараа буюу 1970 оноос сургуулийн дотуур байрны барилгад нүүн орж, ясли болон цэцэрлэг тусгаарлагдаж хүүхдийг насны ангиллаар элсүүлдэг болсон байна. 1985 оноос нэршил өөрчлөгдөж “Хүүхдийн цэцэрлэг” болжээ. Энэ үед 50 хүүхдийн ор, 13 багш ажилтан, 2 бүлэгтэй, хүүхдийн тоо 66-д хүрч өссөн байна. Цэцэрлэгийн хүчин чадлыг 50 хүүхэд буюу 50 ороор хязгаарлагдаж байсан ч сумын хүн ам, түүнд эзлэх хүүхдийн тоо ихэссэнтэй холбоотойгоор 16 орыг нэмэлтээр байрлуулж 66 хүүхдийг багтааж байжээ. Үүний зэрэгцээ гэр цэцэрлэгийг 25 хүүхэдтэйгээр суурин цэцэрлэгийн хамт ажиллуулсан байна.
1994 оноос сумын намын үүрийн барилга руу нүүн орж, тус барилгад шаардлагатай засвар үйлчилгээг дотоод нөөц боломжоо ашиглан хийж, өргөтгөлийг улсын төсвөөс шийдэн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг сурган, хүмүүжүүлэх үйлсийг өргөжүүлсэн. Тухайн үед холимог нэг бүлэгт 25 хүүхэдтэй байсан. 2002 онд сумын төвөөс дүнзэн торхоор өргөтгөл хийж 50 хүүхдийн багтаамжтай болгосон.
2015 оноос стандартын шаардлага хангасан 75 хүүхдийн хүчин чадалтай, урлагийн заалтай, боловсон ариун цэврийн байгууламжтай 2 давхар барилгад шилжин орсон бөгөөд нийт 17 орон тоотой, 4-н бүлэг 50 хүүхэдтэй болсон. 2023 онд улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр цэцэрлэгийн барилгын 50 хүүхдийн багтаамжтай өргөтгөл барьж ашиглалтад оруулаад 125 хүүхдийн багтаамжтай 5 бүлэгтэй. 
2026 оны байдлаар заах аргач зэрэгтэй багш- 5, тэргүүлэх зэрэгтэй багш 1, нийт 20 багш, ажилтан, албан хаагч, 128 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 


 

2026-02-23 16:45:04